Tuesday, October 20, 2009

Оюутан үеийн дурсамж №2

Социализмийн үед социалист орнуудыг, тухайлбал, Орсуудыг шүүмжилж болдоггүй байсныг одоогийн 40-өөс дээш насныхан сайн мэдэж байгаа байх. Мөн үндэсний үзэл гаргавал буруутдаг байсан. Энэ байдал Оросын "Перестройка" хүртэл үргэлжилсэн. Үүний дараа л Монголд хүн өөрийнхөөрөө бодох, сэтгэх эрхтэй болсон билээ. Миний хуучин нийгмийн үед 'улс төржиж' байсан мөрүүдийг толилуулъя.

* * *

Үгүй мөн, хачин аа,
Ард түмэн алдаад
Үдийн наранд цохиулсан
Нялх унага шиг унтаад
Төрийн төмөр багана
Ганцын эрхээр гулзайгаад
Түшин засахын оронд
Түмэн хүнийг дараад

Үгүй мөн, хачин аа,
Гол улаанаар эргэлдээд
Үерийн усны биш
Цусны өнгөөр гэрэлтээд
Ном, судрын хуудас
Ногоон талаар хийсээд
Хайр, хуримын ёс
Архинд цохиулан сүйрээд

Үгүй мөн, хачин аа,
Эх хэлээ мартаад
Үйл даган тоолсон
Есөн удмаа мартаад
Өөрийн гэснээ санавал
Өстөн дайсан болоод
Өрөөлийг магтан дуулбал
Өөгүй эвтэн болоод

Үгүй мөн, хачин аа!

1988-9-27

No comments: