Tuesday, October 20, 2009

Оюутан үеийн дурсамж №1

Өчигдөр хуучин, ном дэвтрээ ухаж байгаад оюутан байхдаа бичиж байсан зүйлсээ оллоо. Хамгийн сонирхолтой нь, эдгээр нь Монгол улс социализм байгуулж байх үеийн дэвтрүүд байх юм. Тэдгээр дэвтрүүдэд миний “галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй” байх үеийн (Хайдав гуайг дуурайгаад хаясан) шүлэг гэж хэлэхэд томдох, сэтгэгдэл гэж хэлэхэд бас толгой холбочихсон бичвэрүүд байна. Мэдээж, тэр үеийн болохоор нилээд нь навч, цэцэг, хайр дурлал мурлалхан бичсэн байсан боловч, зарим нэгийг нь блогдоо тавихаар шийдлээ. Энэ бол хуучнаа дурссан сэтгэлээс оруулсан зүйлүүд шүү.

* * *

Санаа алдаад, чи нэг л тавгүй
Өрөөн дотроо холхино
Сэтгэл үймрээд, чи нэг л эвгүй
Толь руу ширтэн сууна
Толин тусгалын нүдэнд
Очис гэрэлтэн цийлэгнээд
Тунгалаг зам гарган
Гэгээ татуулан уналаа

Цаг цагаараа байдаггүй,
Чиний ээлж иржээ
Цахилдага хөхөөрөө байдаггүй
Нулимс чамд хэлжээ
Хүний нулимс үнэгүй
Чи түүнийг хэрэгсээгүй
Өөрийн чинь ч үнэгүй
Хэрэв тусгал чинийх бол


1988-2-7


* * *
Цэнгэг агаар цээж дүүргэхгүй
давчдаад ч байх шиг
Цэнгэг агаар цээжинд уусахгүй
бөглөрөөд ч байх шиг
Хэцүү хүндээр санаа алдан
гаргамаар ч юм шиг
Хахир чангаар, хоолой мэдэн
хашгирмаар ч юм шиг

Зүрхний цохилт зуун бээрт
сонсогдоод ч байх шиг
Зүгээр суулгүй, үсэрч цовхчин
гүймээр ч юм шиг
Энэ дэлхий нүдний өмнө
хөвөөд ч байх шиг
Эсвэл дуугүй гунигт автан
суумаар ч юм шиг

Дэлгэх номны утга алдагдан
нүдэнд эрээлжилж
Жирийх мөрний эгнээн дундаас
чи минь ширтэнэ
Дэвтрийн цаас хуудсанд дунд
үзэг минь төөрч
Сарайх бичгийн зайн дундаас
чамайгаа тольдоно

Цэнгэг агаар цээж дүүргэхгүй
давчдаад ч байх шиг
Цэнгэг агаар цээжинд уусахгүй
бөглөрөөд ч байх шиг
Хэцүү хүндээр санаа алдан
гаргамаар ч юм шиг
Хахир чангаар, хоолой мэдэн
хашгирмаар ч юм шиг


1988-3-11


* * *
Ам эвлэж дуугарвал
Чамтай нэг ярилцахсан
Айж, ичэхийг умартан
Түвшин дүр гаргаж
Арга ухаантай хүн шиг
Арван шг хэлчихмээр
Ам эвлэж дуугарвал
Чамтай нэг ярилцахсан

Зүрх чангахан цохилбол
Чамд гэж сонсгохсон
Зүүд, хоосон зэрэглээт
Нойрон дундаа учралгүй
Зөн совин тэтгэж
Жаргал таллан дурлахаар
Зүрх чангахан цохилбол
Чамд гэж сонсгохсон

Гар чичрэхгүй байвал
Чиний гарыг атгахсан
Газар дэлхийд заяатай
Амьтан хүний эрдэнэ
Ганцхан олдох насаа
Чамтайгаа хуваалцахаар
Гар чичрэхгүй байвал
Чиний гарыг атгахсан


1989-2-20


* * *
Хүйтэн жавар
гунын эвэр хугалам чангарсан
өвлийн тэр орой
Хөр цас
хажуугаар нь хунгарласан
мөсөн зам дээр
Цагаан цасны
зөөлөн ширхэгээс
чамайгаа хармалж
Цээжиндээ наан
гарыг чинь атган
зогсож байсан
Цасанд өлгийтэй
бүдүүн модод
чирэн байсан ч
Цаанаа л нэг
сэтгэлд тогтуун
дулаахан байсан


1988-6


* * *
Нуурын тайван мандал шиг
Зүүрмэглэх цагаан зам дээр
Наашлах цагийг зурж
Хаврын бороо орлоо

Найртай үгээ хэлэлцэх
Амрагаа эрсэн сэтгэлд
Нэгэн нууцыг шивнэж
Хаврын бороо орлоо

1989-4


* * *
Дурлал гэгч надаас
Дэлбээлж ургасан гэлтэй
Дуу чимээ, аниргүй
Хийсч одсон янзтай

1988-10

No comments: