Friday, June 29, 2007

УСАН ДУСАЛ

Хоног өдөр
Жил сар гэж
Хоосон худлаа
Хэмжүүрийг зохиож
Өөртөө итгүүлчхээд
Шал балай
Шалдан хүсэлдээ дарлуулж
Цаг нартай уралдана гэж
Цааш нааш сандчин
Цанхаалж өөрийгөө зовоох нь
Хэзээ
Хаашаа
Хэний төлөө
Юу руу
Яарсан хэрэг вэ?

Нана


Доош харахад толгой эргэм. Уул нурууд хавтгай, гол горхи нарийхан утас юм шиг харагдана. Эргэн тойрон өөр шиг нь адилхан дуслууд эргэн хөрвөөн томорсоор. Гэнэт жингүйдэн унаж эхэллээ. Ажиглавал, чих шуугин исгэрэх агаарын ачаар сүүлт одны хэлбэртэй болсон юм шиг. Би хаашаа явна вэ? Хажууд бүгд л адилхан өөр шиг нь хурдалж явна. Газар ойртоод ирэхийн хамт хүмүүсийн “ бороо орлоо. . . аргалаа бүтээгээрэй . . . мориныхоо эмээлийг авсан уу, миний хүү . . . гэх зэргээр хашгиралдах нь үнэхээр сонин. Тэр өөрийн унах газрыг сонгох биш, салхины аяс, нөхдийн урсгалыг даган ниссээр жаалхүүгийн сэвлэгээ үргээлгээд үлдсэн хэдэн туг үстэй зулай дээр буулаа. Ертөнцийн гуниг, зовлонг мэдэхгүй тэр хүү бороо орсонд баярлан, гэрээ тойрон чармай нүцгэн гүйх аж. Хүүхдийн баярлахыг харан удаан тогтмоор байсан ч баяр хөөртэй хацрыг угаан нүүрийг нь даган урсав. Харин гэр дотроос хүүгээ харан баясах ээж нь борооноос хоргодох гэж буусан хүмүүст цай чанаад завгүй. Хүмүүс цайн хүлээнгээ “... Сайхан бороо байна... Удахгүй наадам болно... Газар дэвтээж, хэд хоногийн халуун нарыг дарлаа ... “ гэх зэргээр ярилцана. Борооны дусалд энэ бүхэн тун гайхалтай байлаа. Борооны дусал дусал биш болжээ. Цувран унах нөхөдтэйгөө хамт тэр хэвгий газар даган урсав. Ингээд хатсан газрыг ундалж, инээд алдан гүйж явах үед зарим нь өвс, ургамалын үндэс, ишэнд тээглэн газар шингэж, аялалаа зогсооно. Гэхдээ л тэд ургамал баясгаж яваа.

Гүйн гүйсээр горхинд нийлэв. Горхи баярласандаа улам чанга хоржигноно. Тайван үедээ чулуунуудыг тойрч, зөөлөн илэн өнгөрдөг байсан бол одоо эргэндээ багтаж ядан сүр үзүүлэн, замдаа тааралдсан шавар, шавхайг урсган, чулууг түлхэнэ. Энэ үед дусал ус бодов. Би чинь ийм хүчтэй билүү, тэнгэрээс унахад ч ийм хүч амтагдаагүй санагдана.

Жижиг горхи голд нийлэв. Дусал усыг гарманд дөхөж ирэхэд үерлэсэн голд хашигдсан хүмүүс ярилцах нь сонсогдов. “...Нилээд устай айхтар бороо орлоо шүү. Энэ голыг хар даа, улаанаараа эргэлдээд ... Хоёр хоногоос нааш татрахгүй дээ, янз нь... Бид маргааш очсон байна гэдэг ч лөө лөө боллоо...Хүүе чи наашаа бай. Ийм үертэй үед эрэг нь нурдаг гэдэг шүү, холдоорой...”

Хичнээн урссаныг бүү мэд. Усан дусал урсгалын дунд шидэгдэх зомголыг хүлэг онгоцоо болгон, өөрийгөө онгоцны ахмад хэмээн төсөөлж явлаа. Гэнэт бие нь хөнгөрөөд агаарт шингэж байгаагаа мэдрэв. Тэр одоо усан дусал биш. Гэхдээ түүний амьдрал дуусч байгаа гэж үү? Үгүй, тэр амьдралынхаа шинэ үед орох гэж яваа.

Тэр дахин хүүхдийг, бас бусад хүмүүсийг баярлуулна, айлгана, зогсооно, хүлээлгэнэ. Дахин байгал дэлхийг ундаална. Бас гол, горхинд цутгана. Түүний амьдрал бол эхлэл, төгсгөлгүй битүү тойрог. Үүнээс ч яагаад ч хазайж чадахгүй. Тэр өөрийнхөө л хувь тавиланг л дагаж яваа. Харин хаашаа яараад байгаагаа өөрөө ч мэдэхгүй.