Tuesday, August 07, 2007

ХОНЬ

Өнөөдөр миний ээлж иржээ. Тоосыг нь гүвсэн ширдэг дэвсээд, эдэлж буй эцсийн хүндлэл минь юм уу даа. Эзэн минь урт нударгаараа хошууг минь арчаад, цавь суганаас татан дөрвөн хөлийг минь дээш харуулангаа “хонь гаргах гэж байхад, эзэн минь тэнгэр харуулж байна гэж баярладаг гэсэн” гэж өрөвдөнгүй хэлэх дуулдана. Яалаа гэж дээ. Үргэлж номхон дөлгөөн, толгойгоо нуун нугдайдаг ч өргөн хөх тэнгэрээ хардаггүй байгалийн амьтан гэж юу билээ. Говийн жижиг голио хүртэл өөрөөсөө томгүй хайрган дээр гарч тэнгэр харуулддаг гэж хүмүүс ярилцах бус уу. Хэдийгээр мал, амьтны идэш тэжээл, зан аягийг сайн мэддэг ч, миний яагаад үргэлж толгойгоо унжуулан бодол болдогийг та гадарлахгүй байх аа.

Хаврийн эхэн сарын цасан шуурга тавьсан тэр шөнө намайг төрсөн гэдэг. Малч удмын гярхай нүдээрээ хараад, өнөө шөнөөс хэтрэхгүй гээд намайг нойроо хагаслан хүлээж байсан эзэн минь салхи хашаа, хорооны өнцөг, ирмэгээр исгэрэн, хүйтэн цас дээрээс бүчин байхад бээрсэн намайг үстэй дээлээрээ нөмөрлөн байж амлуулаад, халуун гэртээ өвөртлөн оруулсан сан. Хэрэв тэр шөнө та нойроо харамлан унтсан бол надаас малгайн чинээ ч арьс, үс үлдэхгүй байсан биз. Мал, адгуус болохоор орчин тойрноо ойлгохгүй, буян, нүглийг ухаарахгүй гэж та бодож байна уу? Үгүй шүү. Ойлгодог бүхэн ярилцдаг хэлэлцдэг, ухаардаг болгон түүгээрээ гайхуулдаг юм биш ээ. Амьдралын түмэн хэлхээг ойлгож, утга бүхний үндэсийг мөрдөн мөшгих тусам хүмүүс та нарт гомдож улам хол хөндий баймаар санагдах юм. Гэхдээ энэхэн заяагаа түшиж, эзнийхээ ивээлийг дагаж амьдрахаас өөр яалтай билээ.

Хүн байгалтай тэрсэлдэх болжээ. Хангай дэлхийгээ шүтэх, зохицон амьдрах удам дагасан чадвараа хоцрогдсонд тооцож, байгалиас гуйж биш гуядаж авах чадалтай боллоо гэж бодоцгооно. Хүмүүс амьтан адгуусыг зовоон, хөнөөн, арьс үсийг нь зулгаан, уул, нурууг нураан, ус мөрөн ширгээн аз жаргалаа хайж байна. Эцэст нь хайсан жаргалаа олоход тань усгүй сайр, эзгүй тал, нүцгэн нурууд, хордсон хөрс шороо үлдэнэ. Ёстой л хамраасаа цаашихыг харахгүй, уул, ус, ургамалаа мөнхийн юм шиг санаж, дуусашгүй юм шиг авирлаж, эвдэж, нурааж, агнаж, тасалж болох уу? Эцсийн бүлэгт ус ч тогтохгүй хоосорсон, хордсон элс шороон дээр амьдрал тогтож болдог юм уу, эзэн минь. Хүмүүс та нар минь, нутаг усаа зочны биш эзний нүдээр хараач. Эх болсон байгалаа сүйрүүлэх нь ирээдүйдээ өөрсдийгөө хөнөөж байгаа алгуур цаазын ял биш үү дээ. Эзэн та нар өөрсдийгөө хорлох эрхтэй байдаг юм гэхэд мөнх хөх тэнгэрийн дор өсөх гэж, үржих гэж ядаж байгаа амьтан, ургамал биднийгээ битгий сүйтгээч. Алтан нарны дор бид амьдрах нэг заяатай бус уу.

Хонь тэвчээртэй болохоор өрийг нь зүсэж байхад дуугардаггүй гэдэг. Энэ үнэн шүү. Өргөө гэрийнхээ хойморт залах бурхан, шүтээнийхээ өмнө нэгэн амины төлөө зул өргөн байж муу хийдэг болохоор тань таны сэтгэлийг улам зовоохгүйн хичээн шүд зуун, үл майлах билээ. Хаврын хавсрагатай хүнд өдрүүдэд зайчлан байж намайг уяж байсан хатавчны хананы толгойд бие минь эвдэгдэн, өлгөгдөх болно. Гэхдээ муулж байгаа амьтнаа өрөвддөггүй гэнэ лээ шүү, эзэн минь. Энэ бол биднээс үл шалтгаалах амьдралын нүгэл тул энэ биеэ өргөх нь таны төлөө миний хамгийн сүүлийн буян юм шүү дээ. Хүнс тань элдэв хоргүй, амттай, тансаг байх болтугай.

2007-8