Monday, November 23, 2009

ШҮЛЭГ

Түүний оргилон байсан хөөрөл хоромхон зуур хийсэн одов. Уг нь маш их догдлон байж бичсэн шүлэг нь унших бүрт өөрт нь улам таалагдаад байсан сан. Гэтэл нэг найз нь тэр шүлгийг нь үзсэний дараа утсаар ярихдаа таныг чинь өнгөрсөн зуунд амьдарч байсан алдартай яруу найрагч гэж мэдээгүй юм байна гэж шоглонгуй хэлэхэд түүний дотор бялхан байсан баяр хөөр үгүй болж, газар дор орчихмоор ичиж билээ. Хэрвээ яруу найргийн гүн мэдлэгтэй найз минь хажууд байгаагүй бол хүмүүст уншиж, шог ярианд орох байсан нь гарцаагүй. Би хүний шүлгийг хулгайлсан гэж үү? Яагаад ийм болов оо? Энэ хэний шүлэг вэ?

Бушуухан компьютераа асаан, тэр хүний тухай мэдээлэл интэрнэтээс хайлаа. Маш их мэдээлэл байдаг юм байна. Их л алдартай хүн байж дээ. Харамсалтай нь хүмүүс түүний бүтээлүүдийг их бага мэддэг байна. За, төрсөн он, сар, өдөр. . . төрсөн газар, эцэг, эх. . . хүүхэд нас . . . Сайхан гэр бүлд төржээ. Аав, ээж нь тухайн цаг үеийн өндөр боловсролтой сэхээтэн хүмүүс байж. Тийм ч учраас хүүхдээ багаас нь олон талын мэдлэгтэй болгосон нь гарцаагүй. Анхны шүлгүүд . . . Авъяатай л хүн байж дээ, хар багаасаа шүлэг бичээд. . .

Дараа нь адилхан болсон гэх шүлгийг нь хайлаа. Үнэхээр байж байна. Хэдийгээр маш олон жилийн өмнө харь хэлээр бичигдсэн ч гэлээ хэний шүлэг вэ гэхэд маргалдах хүн гарахгүй нь тодорхой. Бодоод олсонгүй. Яагаад яг адилхан бичигддэг байна аа. Зүйрлэл, хэмнэл нь хүртэл. Зүгээр л орчуулаад тавьчихсан юм шиг.

Цааш нь уншлаа. Тэр хэцүү үед амьдарч байжээ. Хэзээ хүрэх нь тодорхойгүй аз жаргалант нийгмийн төлөө хувь хүний үзэл бодлыг уландаа гишгэн албаддаг цаг үе. Гэлээ ч гэсэн өөрийн итгэл үнэмшлээ хүндэтгэн, нийгмийн бурангуйг эсэргүүцэн тэмцэгч хүн байж.

. . . Харанхуй өдөр, сааралтах наран дор хоосон хүмүүст
Хичнээн сайхан уянга сонсговч хариу цуурайгүй . . .

Энэ мөрүүд түүнд тун танил. Хэзээ ч билээ би өөрөө хэлж байсан юм шиг. Тэр тухайн нийгмийг хүмүүст ойлгуулахыг хүсэж. Наанаа ариун нандин үг хэлдэг ч, цаанаа ард түмнийг басамжилдаг удирдагчид. Түүнийг ойлгодоггүй түмэн. Ойлгосон ч айдаг хүмүүс. Хэдийгээр цаг үе өөрчлөгдсөн ч хүмүүс өөрчлөгдөөгүй юм шиг.

Хүнд хүчир амьдарлынх нь сүүлийн өдрүүд. Гайгүй урт насалж. Энэ их эрээн бараантай амьдралд их л зүтгэсэн байж таарна. Түүний сүүлийн шүлэг, сүүлийн өдөр. Итгэмээргүй юм. Танил он, танил сар, танил өдөр! Түүний нас барсан өдөр би төрсөн байлаа!