Sunday, August 02, 2009

УТАСНЫ ДУУДЛАГА

Утас дуугарав. Хөгжим чихний хэнгэрэг балбаж, ясыг нь үйчихмээр газар, хөөстэй, хүйтэн пиво уусаар ихэд халсан залуу нэгэн хүүхэнтэй толгой нийлүүлэн дотно сууна. Ярьсан, уусандаа халсан залуу мөд харих шинжгүй.

Дахиад л . Утас уйтгартайгаар үргэлжлүүлэн дуудлаа. Халамцуу залуу хүүхнийг дагуулан гарч гудамжаар алхлаа. Гудамжны ёлтойх гэрэлд сүүдрүүд орооцолдон явган хүний зам дээр сунахад янаг үгсийг харамгүй хэлхэх уруул уруулыг хайн тэмтэчсээр. . .

Хэд хоногоор гэрээсээ хол яваа бүсгүйд хар төрж, ийм бодол толгойд нь эргэлдэн дахин залгалаа.

Залуу цочин ухасхийв. Бүсгүй ч даган давхийснээ, түгшингүй байдалтай асуусан харцаар залуу руу харна. Халууцан царай нь улайсан залуу харилцуураа авахын тулд амьсгаагаа уртаар авч гарган бодолхийн зогсов. Мэдээж, авгай нь утасдаж байгаа, түүнээс өөр хэн байхав. Түүнд амьсгаадаж байгаагаа сонсгож болохгүй, асуудал хүндрэнэ. Хүүхэн утсаа авахгүй бол бүр болохгүй юм биш үү гэв. Харин залуу юу гэж аргалахаа бодон харилцуураа гараараа даран суусаар. . .

Хүүхдүүд эзгүй байгаа дээр нь өөрөө хол яваа. Хаачдаг байна аа. Хэдийгээр түрүүхэн ярьсан ч гэсэн хүүхний толгойд элдвийн бодол хөврөнө. Харин өрөөнд утас эхээ хүлээн буйлах ботго мэт хариу нэхэн уйлсаар. . .

Харин залуу нөгөө өрөөнд залхуутай ч юм шиг, эсвэл яршигтай ч юм шиг үргэлжлэх утсанд хариу өгөхөөр боссонгүй. Хэрэв босох л юм бол толгойд нь байгаа бодлууд үргэсэн адуу шиг салхи татуулан өөрөөс нь холдон одох гэж байгаа мэт компьютерийнхаа дэлгэцэнд нүүрээ наан улам шигдлээ. Гэхдээ удаан тэссэнгүй. Үргэлжлэн дуудах дуудлага бага багаар довтолсоор толгойд нь дуудлагаас өөр зүйл бодогдохооргүй болгов. Залуу бухимдлаа. Хайран санаа. Нэгэнт таслагдсан санаа нь утаснаас олдох юм шиг яаран алхсаар утсан дээр очив. Утас дуугарсангүй.

Эргэн ирж суулаа. Хэн хаанаас утасдаж байгааг сайн мэдэж байв. Тэр байтугай дотроо юу төсөөлж, яаж бухимдаж байгааг ч төсөөлж байлаа. Тийм ч учраас утсандаа хариулахыг хүсэхгүй байгаа нь тэр зөвхөн өөрийгөө ойлгуулах, хэзээ ч засрахгүй харыг нь өөрт нь ойлгуулахыг хүссэн ганцхан арга шиг санагдсан. Одоо утсаа аваад ч нэмэргүй. Хэрвээ зүгээр ярих байсан бол гар утас руу нь залгах байсан. Гэрийн утсаараа залгаад байгаа нь түүнийг гэртээ байна уу, үгүй юү гэдгийг л шалгаж байгаа хэрэг.

Эцсийн эцэст гар утас нь дуугарлаа. - Миний хань юу хийгээд утсаа авахгүй байгаа юм бэ гэсэн авгайнх нь сонсогдов. Дууных нь өнгөний хувиралаас их биеэ барьж байгааг нь мэдрэв, өдий олон жил ханилсных мэдэлгүй ч яахав. – Нэг хүүхэн урьчихаад . . . аймаар завгүй байна гэж хэлэв. Хэдийгээр хүйтэндүү хэлж байгаа ч нөхөр нь худлаа хэлж байгааг хүүхэн мэдэж байлаа. Тэр байтугай нөхөр нь түүний танадаж байгааг ч ойлгочихож. - Чи хэлэх юм байвал, шууд гар руу залгана биз. Юунд гэр рүү залгаад байгаа юм бэ? Шалгаад байгаа юм уу гэж тэсэрлээ. Ингээд хариу хэлэхийн завдал өгөлгүй утсаа таслав.

Дараа нь бодлоо. Уурлах шаардлагагүй байж. Ер нь : Чиний итгэл чинь энэ үү гэж асуусан бол сайхан байж. Арай тайвширсан боловч гомдол тасарсангүй. Эргээд гэрийнхээ утсаар залгав. Авгай нь авч байна. – Би орой болгон цагаа бүртгүүлэх шаардлагатай юу гэж асуулаа. – Үгүй, чамд итгэхгүй дээ биш шүү. Маш их хайртай болохоор хайрлаад, харамлаад . . .

Компьютерийн дэлгэц амарч дэлгэцээр дүрс гүйнэ. Залуугийн толгойд дүрстэй адил эргэлдэн байсан бодлууд замхарч нэгэн санаа гялсхийн орж ирэв. Энэ бол хүүхний тухай.