Thursday, November 29, 2007

Их хайрханы өргөл

Их хайрханы ноён оргилын баруун талын оргилын зэрэгцээ тэгш хавтгайд хүн амьтан багшралдан малгай ч газар унах зайгүй сүлбэлдэн байна. Хэдийнээс нааш Их хайрханаа аргадан тахиж ирсэн хүмүүсийн хөлд уулын чулуу бутарч тоос болон салхинд хийсч, олон жилийн салхинд элэгдээгүйгээрээ элэгдэн намхан ч болсон юм шиг. Харин энэ бүхэнтэй огт хамаагүй юм шиг зүүн талын оргилыг чиглэн нэгэн жийп чангаар уухилан, хамаг тамираа баран зүтгэнэ. Нилээд хугацааны дараа чулуу, мод нь тарсан жижигхэн овооны хажууд нөгөө машин ирж зогслоо. Машинаас тарган шар нөхөр урт торгон дээлэндээ түүртэн байж гарч ирээд далбагар кобвой малгайгаа суудал руугаа чулуудав. Зуны сайхан улиралд газар дэлхий дэлхий өнгө чимэн нүд чимэж, өглөөний нар дулаахан ээж, үйлгүй хөх тэнгэр цэлийж нилээд халахыг илтгэх боловч, овооны дэргэд өндөр газар тул сэрүүн салхитай, нэн таатай.

Хэдийгээр аргагүй их өөрчлөгдсөн ч гэсэн Их хайрхан түүнийг харангуутаа танив. Олон жилийн өмнө, урагдсан хэсгийг нь нямбайлан оёсон хуучин өмд, цамцтай салхинд харласан туранхай залуу авирахад хэцүүгийн улмаас тэр болгон хүн олон гараад байдаггүй зүүн гарын овоон дээр ирж байсан сан. Наран, саран эргэх нэгэн өдөр Их хайрханд нэгэн мөч мэт боловч түүний анх овоон дээр ирсэн үеийг маш сайн санаж байлаа. Хэр баргийн хар, бор ажилд түүртэхгүй гавшгай байрын залуу овоонд бага чулуу их сэтгэлээр өргөж, мод, чулууг эмхэлэн сэргээж, хог новшийг нь цэвэрлэж билээ. Их хайрхан түүнд баярлаж, эд хөрөнгөтэй, элбэг хангалуун явахыг заяасан юм.

Өнөөдөр, үзтэл, их өөрчлөгджээ. Хөдөлгөөндөө түүртэн аахилж, бүдүүн дуу гарган жолоочоо шаардана. Удалгүй, жижиг ч гэсэн хээрийн гэхэд тансаг ширээ бий болов. Гадаадын үнэтэй виски архи онгойлгож өгснийг жолоочоосоо аваад , их л сүртэйеэ өргөлөө. Ингэхдээ хайрханы өглөгчийг, өөрийн завгүйг гайхаж, удаан хугацаанд ирж мөргөөгүйнхээ төлөө уучлал гуйж наминчлана. Ширээн дээрх унд, хүнсээ дундруулж аваад, олбог хивс бэлдүүлэн овооноос холгүйхэн суув. Нутаг усаа харан өнгөрснөө эргэн дурслаа. Тун ч ядуу явж дээ. Арга ядаад, ээжийнхээ захиасаар, энэ овоон дээр ирсэн санагдана. Харин түүнээс хойш бүх юм өөрчлөгдсөн шүү. Угийн ажилч, сэргэлэн, дээр нь түүнд дандаа аз тохиож, төдий удалгүй, нутаг нугандаа нэртэй баян болов. Харин тэр түүгээр зогсохыг хүссэнгүй. Тийм ч учраас өнөөдөр хаан шиг тухалж явна. Энэ хооронд жолооч нь овоог дахин сэргээн засаж, хадаг яндраар баглав.

Харин Их хайрхан ууртай байлаа. Өөрийнх нь буян ивээсэн хүү нь өдгөө өөрөө энд үлдэхгүй гэсэн шиг унд усыг ширгээж, нутаг газраа онгичиж, хордуулжээ. Энэ тухай сүйтгэгдсэн даваа толгод, булаг, шанд шаналан хашгиран Их хайрханд түүний талаар гомдол мэдүүлж, аврахыг өдөр болгон гуйдаг. Хүнд хэрэгтэй юу л байна, ухах төнхөх мөртлөө, нэг удаа ч мал сүрэг, ан амьтны нутаг гэж санан ухсан нүхээ булсангүй. Хэзээнээс шаасан гадсаа сугалахдаа хүртэл “хангай дэлхий шархадлаа” хэмээн сүү дусаадаг байсан ардын хүү би л түрүүлбэл яасан ч яахав гэсэн шиг хөрс шороогоо эрэмдэглэв. Овооны хог түүгээд, гэртээ аваачиж асааж байсан залуу хаачив даа. “Үрийн санаа хаданд” гэгчээр нутгаа тонож олсон мөнгөөрөө харьд жаргахыг илүүд үзэж, төрсөн нутаг нь уйтай, гутамшигтай санагдана.

Энэ бүхнийг харж, сонсдог, Их хайрханы нүд, чих болсон овоог хадаг самбайгаар халхлан таглаж, хогын сав мэт бодон хоосон лонх өргөж, өөрийн нүглийг цайруулчих мэт аашлахад нь Их хайрхан туйлын гомдов. Хүн өөр хоорондоо л итгэл, сэтгэлээ мөнгөөр хэмжиж, аргацааж, нүгэл, буянаа наймаалцаж, худалдаж болохоос уулын чинээ алт мөнгө, талыг бүрхэм хадаг, торго, мөрөн мэт урсах архи дарс өргөөд ч Их хайрханыг аргалж болно гэж үү.

Машин өгссөн шигээ алгуурхан уруудан буух эхлэв. Энэ үед гэнэт Их хайрхан шилгээж, машин нурангийн хамт гулгалаа. Барьц алдсан жолооч айсандаа чанга хашгиран, жолоогоо тас зуурав. Бүдүүн эрийн улаа бутарсан царай гэнэт цонхийн цайж, юугий нь мэдэхийн аргагүй юм бувтнан, бариулаасаа хэдэн ч хүн хүчээр салгаж дийлэмгүйгээр чанга зуурчээ. Энэ үед хад чулуутай хамт халтиран гулгасан дугуйн дээр аяны дөрөөг мялааж өргөсөн сүүнд шингэсэн эхийн сэтгэл Их хайрхантай тэрсэлдэв. Хэдийгээр буруутай ч “эхийн сэтгэл үрд” юм хойно, Их хайрханаас гуйж нэг үзэж, аргадаж, аашилж нэг үзэж, зандаран, хэрэлдэн байж машиныг зогсоолоо.

Нэг хэсэг хөдлөх битгий хэл, амьсгалах ч сөгөөгүй байсан хоёр ухаан орж, чанга зууран хөшсөн гар, хөлөө аажимхан хөдөлгөж, хаалганыхаа бариулыг тэмтэрч эхлэв. Балмагдан сандарснаас, хаалганыхаа бариулыг олдоггүй, олсон ч салганаж, чичирсэн гараараа буруу зөв татан байж, арайхийж онгойлголоо. Нөгөө эр айсандаа дуслыг ч уугаагүй юм шиг эрүүлжиж, чихэлдэн хөдөлж ядаж байсан нь ч үгүй болж, хэдэн жилийн өмнөх шигээ гавшгай гэгч нь машины хаалгаар үсрэн буув. Саяхан л тоос шорооноос цэрвэн, хямсаганан байснаа мартан, газарт суун тусаж, Их хайрханд залбирлаа. Хүний бодол гүйцэшгүй хурдан юм хойно тэрхэн богинохон мөчид өнгөрсөн амьдралаа гүйлгэн харж, шүүн тунгаасан биз ээ.