Monday, October 26, 2009

Сүүлийн оролдлогууд

Энэ бол миний сүүлийн оролдлогууд. Үүнээс хойш шүлэг бичих гэж оролдоогүй юм байна. Шүлэг бичдэг хүмүүс авъяастай байхаас гадна сэтгэлийн их хөдөлгөөнтэй байх хэрэгтэй юм шиг санагдсан.


* * *
Дэлгэх цаас ...
Атгах үзэг...
Зангирах хөмсөг...
Дээр нь татласан
Хэдхэн үг...
Ганцхан утга...
Найдан суух
Миний итгэл
Зүрхний минь гэгээ
Найргаар наадах
Хэдхэн мөч
Сэтгэлийн минь зугаа

1992-2


* * *
Дахин учирлаа, анд минь, чи бид хоёр
Даанч их удаж дээ, уулзсанаас хойш, их удаж
Дэлгэж, сөхөлгүй хугацаа баран элээж явсаар
Дэвтэр, үзгээ сая л саналаа, барилаа, найз минь

Санасан санаа нь минийх мөн ч, биш юм шиг
Сараачсан үгс нь таньдаг ч юм шиг, үгүй билүү, нэг л хачин
Төсөөрч орхиж дээ, чамтай байх хэцүү болж, тийм байлуу
Тэгээд ч бид дотно биш дээ, уучлаарай, найз аа

1993-2


* * *
Арван жилийн өмнөх шигээ дурлах сан
Ахиад л уянгын үгсийг хэмнэл тоолон хэлхэх сэн
Алагхан хоёр нүдний гүн үү ширтэх сэн
Анхны хайрын дуу зохион дуулах сан

Хос хунгаар биесээ төлөөлөн зурах сан
Холын Ангараг амьдралтай гэвэл зөвших сөн
Хүний сайн нь олон гэвэл итгэх сэн
Хүсэл бүр биелнэ гэдэгт найдах сан

Арван жилийн өмнөх шигээ дурлах сан
Ахиад л уянгын үгсийг хэмнэл тоолон хэлхэх сэн
Амьдрал хайраар дүүрэн гэдэгт итгэх сэн
Аливааг бодолгүй зөвхөн чамд л найдах сан

1994-12-30

No comments: