Monday, October 26, 2009

Сүүлийн оролдлогууд

Энэ бол миний сүүлийн оролдлогууд. Үүнээс хойш шүлэг бичих гэж оролдоогүй юм байна. Шүлэг бичдэг хүмүүс авъяастай байхаас гадна сэтгэлийн их хөдөлгөөнтэй байх хэрэгтэй юм шиг санагдсан.


* * *
Дэлгэх цаас ...
Атгах үзэг...
Зангирах хөмсөг...
Дээр нь татласан
Хэдхэн үг...
Ганцхан утга...
Найдан суух
Миний итгэл
Зүрхний минь гэгээ
Найргаар наадах
Хэдхэн мөч
Сэтгэлийн минь зугаа

1992-2


* * *
Дахин учирлаа, анд минь, чи бид хоёр
Даанч их удаж дээ, уулзсанаас хойш, их удаж
Дэлгэж, сөхөлгүй хугацаа баран элээж явсаар
Дэвтэр, үзгээ сая л саналаа, барилаа, найз минь

Санасан санаа нь минийх мөн ч, биш юм шиг
Сараачсан үгс нь таньдаг ч юм шиг, үгүй билүү, нэг л хачин
Төсөөрч орхиж дээ, чамтай байх хэцүү болж, тийм байлуу
Тэгээд ч бид дотно биш дээ, уучлаарай, найз аа

1993-2


* * *
Арван жилийн өмнөх шигээ дурлах сан
Ахиад л уянгын үгсийг хэмнэл тоолон хэлхэх сэн
Алагхан хоёр нүдний гүн үү ширтэх сэн
Анхны хайрын дуу зохион дуулах сан

Хос хунгаар биесээ төлөөлөн зурах сан
Холын Ангараг амьдралтай гэвэл зөвших сөн
Хүний сайн нь олон гэвэл итгэх сэн
Хүсэл бүр биелнэ гэдэгт найдах сан

Арван жилийн өмнөх шигээ дурлах сан
Ахиад л уянгын үгсийг хэмнэл тоолон хэлхэх сэн
Амьдрал хайраар дүүрэн гэдэгт итгэх сэн
Аливааг бодолгүй зөвхөн чамд л найдах сан

1994-12-30

Үгс

Үгийн зөөлөн ч аюултай нь бий,
Анхаарч яв
Үнэн дулаан, ээлтэй нь бий,
Итгэж яв
Хуурын эгшиг шиг
Аялгуу хосгүй үгсээс
Хоёрын эвийг эвдэх
Яс олдох нь буй

Чихэр амттай ч хуудуутай нь бий
Анхаарч яв
Чихэнд аягүй ч тустай нь бий
Итгэж яв
Үнэн сэтгэл дуудах
Ялдам мишээл дундаас
Үхээрийн чөтгөр инээх
Тохиол олдох нь буй

1987-3

Уулын гол

Уулын гол
Өндрөөс эхтэй мөсний ус
Хүчит араатны
Хүрхрэх дуутай
Хүрэнтэн шуугих
Уулын ус
Арван зүгтээ
Уудам цацалтай
Аагилан бадрах
Алсын ус

Уулын гол
Өндрөөс эхтэй мөсний ус
Орсон буурны
цахрах хөөстэй
Оргилд эхтэй
цасны ус

Ургаа хадад
үгүй бол
Урсгаж, бүгдийг
хамах аятай
Усан тунгалаг
Биегүй бол
Уул нурууд
Шилгээв гэлтэй

Уулын гол
Өндрөөс эхтэй мөсний ус
Оргилд мацах
Үүлсийн хөлс
Ойчин унах
Уулсын нулимс

1988-7-8

Wednesday, October 21, 2009

Оюутан үеийн дурсамж №3

Ташкентад очоод их л халууцсан юм шиг байгаа юм. Ямар сайндаа ийм юм бичиж байхав дээ.

* * *
Холын зайгаа умартав уу гэлтэй
Халуун наран төөнөж
Хотын тоостой холилдов уу гэлтэй
Хүнд агаар дарж
Дардан замын толин гадарга
Тулга шиг улайж
Дан цамц ч наранд хайлан
Биенд наалдана

Хорин жингийн туухай
Хөлд минь зүүв үү гэлтэй
Холхих зам хүзүү сунган
Алсад зурайна
Хоёр нүдний хараа
Улам ч муудав уу гэлтэй
Хотын эрээн гудамж
Харцанд тогтохгүй мяралзана

Тэнгэрийн наран хурц илчээрээ
Шорлог шиг шарна
Тэлэх цээжнээс халуун агаар
Талх шиг жигнэнэ
Хөлрөх бие хурам тутамд
Хөнгөрөн хатавч
Хүсэл, хайр минь
Тунгалаг ус мэт ууршихгүй

1988-6-17

Tuesday, October 20, 2009

Оюутан үеийн дурсамж №2

Социализмийн үед социалист орнуудыг, тухайлбал, Орсуудыг шүүмжилж болдоггүй байсныг одоогийн 40-өөс дээш насныхан сайн мэдэж байгаа байх. Мөн үндэсний үзэл гаргавал буруутдаг байсан. Энэ байдал Оросын "Перестройка" хүртэл үргэлжилсэн. Үүний дараа л Монголд хүн өөрийнхөөрөө бодох, сэтгэх эрхтэй болсон билээ. Миний хуучин нийгмийн үед 'улс төржиж' байсан мөрүүдийг толилуулъя.

* * *

Үгүй мөн, хачин аа,
Ард түмэн алдаад
Үдийн наранд цохиулсан
Нялх унага шиг унтаад
Төрийн төмөр багана
Ганцын эрхээр гулзайгаад
Түшин засахын оронд
Түмэн хүнийг дараад

Үгүй мөн, хачин аа,
Гол улаанаар эргэлдээд
Үерийн усны биш
Цусны өнгөөр гэрэлтээд
Ном, судрын хуудас
Ногоон талаар хийсээд
Хайр, хуримын ёс
Архинд цохиулан сүйрээд

Үгүй мөн, хачин аа,
Эх хэлээ мартаад
Үйл даган тоолсон
Есөн удмаа мартаад
Өөрийн гэснээ санавал
Өстөн дайсан болоод
Өрөөлийг магтан дуулбал
Өөгүй эвтэн болоод

Үгүй мөн, хачин аа!

1988-9-27

Оюутан үеийн дурсамж №1

Өчигдөр хуучин, ном дэвтрээ ухаж байгаад оюутан байхдаа бичиж байсан зүйлсээ оллоо. Хамгийн сонирхолтой нь, эдгээр нь Монгол улс социализм байгуулж байх үеийн дэвтрүүд байх юм. Тэдгээр дэвтрүүдэд миний “галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй” байх үеийн (Хайдав гуайг дуурайгаад хаясан) шүлэг гэж хэлэхэд томдох, сэтгэгдэл гэж хэлэхэд бас толгой холбочихсон бичвэрүүд байна. Мэдээж, тэр үеийн болохоор нилээд нь навч, цэцэг, хайр дурлал мурлалхан бичсэн байсан боловч, зарим нэгийг нь блогдоо тавихаар шийдлээ. Энэ бол хуучнаа дурссан сэтгэлээс оруулсан зүйлүүд шүү.

* * *

Санаа алдаад, чи нэг л тавгүй
Өрөөн дотроо холхино
Сэтгэл үймрээд, чи нэг л эвгүй
Толь руу ширтэн сууна
Толин тусгалын нүдэнд
Очис гэрэлтэн цийлэгнээд
Тунгалаг зам гарган
Гэгээ татуулан уналаа

Цаг цагаараа байдаггүй,
Чиний ээлж иржээ
Цахилдага хөхөөрөө байдаггүй
Нулимс чамд хэлжээ
Хүний нулимс үнэгүй
Чи түүнийг хэрэгсээгүй
Өөрийн чинь ч үнэгүй
Хэрэв тусгал чинийх бол


1988-2-7


* * *
Цэнгэг агаар цээж дүүргэхгүй
давчдаад ч байх шиг
Цэнгэг агаар цээжинд уусахгүй
бөглөрөөд ч байх шиг
Хэцүү хүндээр санаа алдан
гаргамаар ч юм шиг
Хахир чангаар, хоолой мэдэн
хашгирмаар ч юм шиг

Зүрхний цохилт зуун бээрт
сонсогдоод ч байх шиг
Зүгээр суулгүй, үсэрч цовхчин
гүймээр ч юм шиг
Энэ дэлхий нүдний өмнө
хөвөөд ч байх шиг
Эсвэл дуугүй гунигт автан
суумаар ч юм шиг

Дэлгэх номны утга алдагдан
нүдэнд эрээлжилж
Жирийх мөрний эгнээн дундаас
чи минь ширтэнэ
Дэвтрийн цаас хуудсанд дунд
үзэг минь төөрч
Сарайх бичгийн зайн дундаас
чамайгаа тольдоно

Цэнгэг агаар цээж дүүргэхгүй
давчдаад ч байх шиг
Цэнгэг агаар цээжинд уусахгүй
бөглөрөөд ч байх шиг
Хэцүү хүндээр санаа алдан
гаргамаар ч юм шиг
Хахир чангаар, хоолой мэдэн
хашгирмаар ч юм шиг


1988-3-11


* * *
Ам эвлэж дуугарвал
Чамтай нэг ярилцахсан
Айж, ичэхийг умартан
Түвшин дүр гаргаж
Арга ухаантай хүн шиг
Арван шг хэлчихмээр
Ам эвлэж дуугарвал
Чамтай нэг ярилцахсан

Зүрх чангахан цохилбол
Чамд гэж сонсгохсон
Зүүд, хоосон зэрэглээт
Нойрон дундаа учралгүй
Зөн совин тэтгэж
Жаргал таллан дурлахаар
Зүрх чангахан цохилбол
Чамд гэж сонсгохсон

Гар чичрэхгүй байвал
Чиний гарыг атгахсан
Газар дэлхийд заяатай
Амьтан хүний эрдэнэ
Ганцхан олдох насаа
Чамтайгаа хуваалцахаар
Гар чичрэхгүй байвал
Чиний гарыг атгахсан


1989-2-20


* * *
Хүйтэн жавар
гунын эвэр хугалам чангарсан
өвлийн тэр орой
Хөр цас
хажуугаар нь хунгарласан
мөсөн зам дээр
Цагаан цасны
зөөлөн ширхэгээс
чамайгаа хармалж
Цээжиндээ наан
гарыг чинь атган
зогсож байсан
Цасанд өлгийтэй
бүдүүн модод
чирэн байсан ч
Цаанаа л нэг
сэтгэлд тогтуун
дулаахан байсан


1988-6


* * *
Нуурын тайван мандал шиг
Зүүрмэглэх цагаан зам дээр
Наашлах цагийг зурж
Хаврын бороо орлоо

Найртай үгээ хэлэлцэх
Амрагаа эрсэн сэтгэлд
Нэгэн нууцыг шивнэж
Хаврын бороо орлоо

1989-4


* * *
Дурлал гэгч надаас
Дэлбээлж ургасан гэлтэй
Дуу чимээ, аниргүй
Хийсч одсон янзтай

1988-10