Wednesday, September 05, 2007

ЭРСЛЭН

Огт хөдөлгөөнгүй түүнийг өндөр ургасан өвснөөс ямар ч амьтан ялгаж харахад хэцүү. Ажиг сэжиггүй ойртон ирж яваа алаг тахийн сүрэг салхин доор отож, өөрсдийг нь тас ширтэж байгаа хурц нүднүүдийг анзаарсангүй. Гэтэл сүргийн захад явж байсан нэг гүү сэжиг аван чихээ сойтоолгож, эрслэнгүүдээс нэгний нь харсан бололтой, хамраа тачигнуулан цааш ухасхийв. Одоо үсрэхгүй бол болохгүй нь гэж мэдэрсэн эрслэн дохио аван цааш эргэсэн сүргийн хойноос хэд харайлаа. Угийн идэр, чийрэг, сүргийнхээ хамгийн сайн анчин тул сүүлийн хэдэн тахинд нилээд ойртсон ч ганц ч тахь таслан хөөж чадсангүй. Бөөнөөр давхилдах тахийн эрээн өнгөнд нүд нь эрээлжлэн, толгой нь эргэж, зогссоноо эргээд урамгүйхэн алхсанаа, хэвтээд өгөв. Уг нь арслангийн сүрэг алаг тахь үргэн зугтаагүй байсан бол сайн бүсэлж байж довтлох байлаа. Өнөөдөр ямар ч байсан амьтан барих хөг нь өнгөрөв бололтой. Уг нь үргэн давхисан тахийн цаанахан үхэр сүрэг бэлчиж байдаг. Гэхдээ тийм том хүчирхэг амьтанд эрслэнгүүдийн хүч хүрэхгүй тул, тэднээс унагаж хэдэн өдрийн хоол залгах нь хүч ихтэй арслангуудийн ажил юм. Ядахдаа зогдор үсэндээ түүртэн нозоорох сүргийн ахлагч арслан халуунд залхууран хэвтэхээс өөрийг мэдэхгүй. Тэгсэн мөртлөө, эрслэнгүүдийн барьсан жижиг, сажиг олзыг ичих ч үгүй булаана. Өлссөн эрслэн ингэж бодон, арсланд дургүй нь хүрч, халуун нарнаас халхлах модны дор сүүдэр бараадан аахилан хэвтэв. Хоосон ходоод нь удаан хэвтүүлсэнгүй, зэрлэг гахайнаас эхлээд гол зогоох жижиг амьтан олдох нь юу магад хэмээн ойр тойрноо шиншлэн явлаа.

Нөгөө л нүдэнд дассан мод, бут хөлөөр бужигнах элс, тоосыг үл тоон алхсаар явтал нэгэн бутнаас ихэд танил бөгөөд содон үнэр үнэртлээ. Энэ бол харийн арслангийн үнэр. Урьд түүний үнэрийг үнэртэхэд эрслэн ихэд цочирдон айж билээ. Яагаад гэвэл, эрслэн гурван хөөрхөн гүег гаргаад, тэднээсээ өөр танил амьтангүй аглаг хээр ганцаар байсан болохоор хэрэв тааралдсан бол тэр арслан түүнийг барьж хаях байсан биз. Харин одоо тэр ганцаар биш сүрэг дундаа байгаа тул айх зүйлгүй, харин ч ихэд шохоорхон үнэрлэв. Тэр түүний үлдээсэн үнэрээр тэр удахгүй их том тулалдаанд бэлтгэж байгааг мэдэрлээ.

Сүргийн ахлагч арслан бас нэгийг мэдэрсэн бололтлой. Сүүлийн хэдэн өдөр залхууран хэвтэхээ болиод сүргийн эзэмшилээ хааяа нэг тойрох болов. Мэдээж, энэ үедээ харийн арслангийн модонд савардан гаргасан тэмдгийг хараа биз. Гэхдээ, эсрэг талаа сайн мэдэхгүй болохоор юуны тухгүй тулалдахгүй нь лав. Биеэ сойн, харцаа хурцалж, юм л бол уурлан, тас савардахыг завдана. Харин энэ байдал эрслэнгийн дургүйг бүр их хүргэж байв. Хэрвээ тийм сайн байсан бол залхууран хэвтэж байх хэрэг юусан билээ. Эртнээс л хичээх ёстой байсан шүү дээ. Ер нь арслангийн олхиогүй, арчаагүй, залхуу байдал эрслэнгийн дургүйг туйлийн ихээр хүргээд байсан юм. Гэхдээ л түүнийг даган тоглох жижиг гүег түүний удам. Харин эрслэнгийн толгойд өөр бодол эргэлдэж байлаа. Тэр арслан ямар төрхтэй бол. Модонд тавсан тэмдэгээр бол нилээд өсөж яваа идэр амьтан шиг, ямар ч байсан манай энэ шиг уруудаж, буруудаж яваа биш юм шиг.

Цаг нь болжээ. Харийн арслан маш зоригтойгоор сүргийн эзэмшилд орж иржээ. Мэдээж, сүргийн эзэн угтан явлаа. Эгц толгой дээрээс төөнөх нар элсэнд шингэж, халуун лав шиг газар тавхай хайрам байхад амьдрал, үхэл шийдсэн тэр тулаан болж өнгөрсөн юм. Хэдийгээр эзэн арслан сүүлийн хүчээ шавхан сүргийнхээ төлөө, удмынхаа төлөө тэмцэлдсэн боловч тэр хүчин мөхөсджээ. Зугтаж амжих болов уу? Урьдын цагт, хэзээ ч билээ, тэр иймэрхүү замаар ирж байсан боловч одоо түүний явах цаг нь болсон байж.

Арслан араатны хуулиар амьдардаг. Тэр дийлдсэн арслангийн үр үндсийг тасладаг. Хээлтэй бол хээл хаяуулна. Бие даагаагүй жижиг гүегтэй бол түүнийг нь үгүй хийнэ. Хөөрхий тэд амьтныхаа зөнгөөр байдал биш болсныг мэдэрч нуугдсан ч авралгүй. Харийн арслан тэднийг бутан дундаас олж хүзүүнийх нь ясыг шажигнатал хазан хаях болно. Харин энэ үед тэд байгалийн энэ зэрлэг хуулийг ойлгодог юм шиг ганц ч ганхийдэггүй гэж ярилцдаг.

Харин энэ эрслэнгийн гүег улайрсан үхэр сүрэгт дайруулан нуруугаа хугартал дэвсүүлсэн, бас хорт могойгоор тоглож байгаад хатгуулсан ах дүү нараа бодвол илүү сэргэлэн байсан тул харийн арслангаас зугтаж чаджээ. Харин эрслэн энэ бол амьдралын хууль гэсэн шиг биеээ сайн дааж амжаагүй түүнийг зэрлэг амьдралын дунд ганцаар нь орхихдоо санаа зовоогүй бөгөөд энэ бол түүний сонгосон сайхан амьдралын эхлэл гэж тэр итгэж байлаа.